Bloomberg-ийн бизнес долоо хоног сэтгүүл 2010 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар Монгол төгрөгийг нэрлэсэн билээ. Манай улсын хувьд 2010 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 1455.7 төгрөгтэй тэнцэж байсан бол гадаад валютын урсгал нэмэгдсэнээр төгрөгийн ханш чангаран мөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1 ам.доллар 1258.17 төгрөгтэй тэнцэж 200 орчим төгрөгөөр ханш чангараад байв. Тэрчлэн, эдийн засагчид энэ онд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого 40 гаруй хувиар өсөх, гадаад валютын цэвэр албан нөөц 72 хувиар өсч 3.6 тэрбум ам.долларт хүрэх прогнозыг хийж, төгрөгийн ханшийн чангаралт үргэлжлэн, 2011 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3 хувиар чангарч, 1222 төгрөгт хүрнэ гэсэн тооцоог хийгээд байв.
Тэгвэл Монгол банкны ханшаар энэ сарын 4-ний байдлаар 1 ам.доллар 1195.32 төгрөгтэй, 5-ны өдөр 1196.02 төгрөгтэй, 6-ны өдөр 1198.68 төгрөгтэй, 7-ны өдөр 1203.17 төгрөгтэй, харин өнөөдөр буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 1 ам.доллар 1208.55 төгрөгтэй тэнцүү байна. Тэгэхээр ам.долларын эсрэг төгрөгийн чангаралт хадгалагдсан хэвээрээ үргэлжилж, тооцоолоод байсан 1222 төгрөгөөс хэдийнэ доошилжээ.
Төгрөгийн ханш ийн чангарахад дагаад нийт бараа, үйлчилгээний үнэ 1 хувиар буурах боломж бүрдэх бөгөөд энэ нь манай улсын дотоодын хэрэглэгчдийн хожоо болно гэж ҮХШХ-ноос үзсэн байгаа юм. Мөн сөрөг тал нь төгрөгийн ханш чангарах нь манай орны экспортын барааны өрсөлдөх чадварыг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх талтай. Ялангуяа боловсруулах салбарын үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа буурах талтай гэсэн зүйлийг ч хэлж буй.
2008 оны хямралын дараа жил нь дэлхийн нийт үйлдвэрлэл 0.6 хувиар, хөгжингүй орнуудын эдийн засаг 3.4 хувиар буурч, дэлхий дахин хүндхэн байсан ч 2010 оноос сэргэлт үзэгдэж дэлхийн нийт үйлдвэрлэл 5 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм.
Харин дэлхийн эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр түүхий эд, нөөцийн эрэлт өсч эхэлсэн нь манай уул уурхайн компаниудын олборлолт болон тээвэрлэлтийн хүчин чадал зайлшгүй сайжрах нөхцлийг бүрдүүлж, улмаар уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхэд хүргэсэн юм. Манай улсын экспорт өсч, тэр хэмжээгээр гадаад валютын урсгал ихээр нэмэгдэж, манай улсын гадаад валютын цэвэр албан нөөц хоёр тэрбум ам.долларыг давсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, нүүрсний экспорт 2.3 дахин нэмэгдэж 16.6 сая тоннд, төмрийн хүдрийн экспорт 2.2 дахин нэмэгдэж 3.5 сая тонн-д хүрлээ.
Гэхдээ тэргүүлэгч эдийн засагтай орнуудад ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, экспортоо нэмэгдүүлэхийг гол зорилго болгон өөрийн орны валютыг зориуд сулруулах, хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх стратеги баримталж ирсэнийг шинжээчид онцолж байгаа юм.
АНУ-ын эдийн засгийг 2011 онд ойролцоогоор 3.5 хувьтай өснө гэж эдийн засагчид үзээд байна. Бушийн засаг захиргааны үед эхлүүлсэн татварын хөнгөлөлтийг сунгаснаар төсвийн алдагдал нэмэгдэж байгаа ч ДНБ-ий өсөлтийг аажмаар нэмэгдүүлэх төлөв харагдаж байгаа юм. 2010 онд АНУ-ын эдийн засаг дөнгөж 3 хүрэхгүй хувиар өсч, ажилгүйдэл 10 хувиас буугаагүй. Хөрөнгийн зах зээлд S&P 500 индекс 12 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол Dow Jones 10 гаруй хувиар, Nasdaq 16 гаруй хувиар өсчээ. Хувийн хэрэглээний зардал эдийн засгийн нийт өсөлтөд 0,7-2 хувийн нөлөө үзүүлжээ. Уг үзүүлэлт 5 улиралд дарааллан нэмэгдэж, 2011 онд 1.9 орчим хувиар өсөх хандлагатай байна. Нөгөө талаас Европын санхүүгийн хүндрэл, улсын болон орон нутгийн засаг захиргааны төсвийн хүндрэл, орон сууцны үнийн бууралт бүгд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулж болно гэдгийг ч хэлж байгаа юм. Тэгэхээр тус улс ам.долларын ханшаа хэрхэн барих бодлого хэрэгжүүлэх нь анхаарал татаж байна.
Ерөнхийдөө 2010 онд дэлхий дахинд ханшийн хөдөлгөөн ихтэй байж. Азийн ихэнх орнуудад ханшийн чангарах үзэгдэл ажиглагдсан. 2011 он гарсаар ч өмнөд хөршийн юан долларын эсрэг чангарсаар байна. Эдийн засагт шинээр хөрөнгө оруулалт орж ирэх нь бусад салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн зарим салбар уналтад орох тохиолдол байдаг. 1959 онд Нидерландын хойд тэнгист газрын тос илэрсний улмаас газрын тосны үйлдвэрлэл нэмэгдэж улмаар тус бүтээгдэхүүний экспорт өссөн. Гэвч дотоод валютын ханш чангарсны улмаас бусад салбарын экспорт буурч, бусад салбарт ажилгүйдэл нэмэгдэх байдлаар эдийн засагт сөргөөр нөлөөлж байжээ. Ханшийн чангаралтын нөлөөгөөр боловсруулах салбарын худалдаалагддаг төрлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг энэхүү байдлыг голланд өвчин гэж нэрлэн өнөөдрийг хүрч байна. Газрын тосны олборлолтоос өмнө Нидерландын экспортын гол бүтээгдэхүүн байсан Алтанзул цэцгийн экспорт буурч, эдийн засгийн өрөөсгөл бүтэц бий болж байжээ.
Мөн баялагтай орнуудын хувьд нэг хүнд ногдох орлогын өсөлт нь байгалийн баялаггүй орны нэг хүнд ногдох орлогын өсөлтөөс бага байгаа бол тухайн орныг “баялгийн хараал” тусчээ гэж тодорхойлдог.
Манай оронд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, олборлох үйлдвэрлэл эрчимтэй өсч байгаа энэ үед голланд өвчин, баялагийн хараалаас сэргийлэх, ханшийн чангаралтын үр нөлөөг урьдчилан сайтар судлах шаардлагатай юм. Төгрөгийн ханш чангарах нь нэг талаас импортын бүтээгдэхүүний үнэ хямдрах боломж бүрдүүлдэг тул хэрэглээний барааны үнэ буурах нэмэгдэхгүй байх боломж бүрдэх байдлаар хэрэглэгчдэд ашигтай тусдаг тул чангараад байх нь өгөөжтэй юм.
No comments:
Post a Comment