Thursday, March 6, 2008

Монгол мөнгөн тэмдэгт

Монгол Улс нь оршин тогтнож ирсэн түүхийнхээ янз бүрийн үеүүдэд зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин баялаг түүхтэй орон юм. Монгол оронд зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн түүхийг Монголд төр улс бий болсон үетэй ижил хугацаатай болох түүхийн баримтыг эрдэмтэд олж тогтоосон байна. Монголын түүхийн янз бүрийн үед Монгол нутагт оршин байсан улсуудын зоос янз бүрийн газар нутгаас олдсоор байна. Одоогоор Хүннү, Түрэг, Уйгар, Хятан, Монголын эзэнт гүрний үеийн зоосууд олдоод байгаагийн гадна эзэн Чингис ха ан болон түүний залгамжлагчдаас дэлхийн олон улс орныг эзлэн тэнд Монголын хаант улсуудыг шинээр байгуулж төвхнүүлэн удирдахын хамт тэдгээр орны эдийн засгийг сэргээх, худалдаа арилжааг өргөтгөх, алба татвар, гувчуурт зориулан их хааны болон өөрсдийн нэрийн өмнөөс алт, мөнгө, хүрэл зэрэг материалаар ихээхэн хэмжээний зоосыг цутгуулан хэрэглэж байсан нь манай үед хадгалагдаж иржээ..Энэ сайтанд Монгол нутагт оршин байсан эртний улсууд болон одоогийн Монгол нутгаас гадна оршиж буй Монголын хаадын байгуулан захирч байсан Иран дахь Монголын хаант \Ильхан\ улс,Орос дахь Монголын хаант \Алтан орд\ улс , Хятад дахь Монголын хаант \Юан\ улс, Дундад ази дахь Монголын хаант \Цагаадайн\ улсуудын зоосуудыг оруулсан болно.
Эртний улсуудын зоосны талаархи ойлголтыг гүнзгийрүүлэх, түүний Монголын түүхэнд холбогдох байдлыг тодотгох үүднээс Монголын их хаад болон Монголын хаант улсуудын хаадын угсаа гарвал, төр барьсан он цагийн хэлхээсийг хавсаргасан болно. Монголын их Юан улсын үед цаасан мөнгөн дэвсгэртийг их хаан Хувилай анх удаа алт мөнгөн баталгаатайгаар гаргаж улсынхаа хэмжээнд мөнгөн гүйлгээний найдвартай хэрэгсэл болгосон нь цаасан мөнгөн дэвсгэрт энэ мэтчилэнгээр гүйлгээний баталгаатай хэрэгсэл болж болохыг дэлхий дахинаа анх удаа харуулсан үйл явдал болсон бөгөөд энэ нь дэлхийн соёлд монголын оруулсан гарамгай хувь нэмрийн нэг болох юм.
Бид энэ сайтандаа Монголын их Юан улсын цаасан мөнгөн дэвсгэрт, Манж Чин улсын эзэмшлийн үед Монголын томоохон хот суурин, сүм хийдийн газруудад орон нутгийн чанартай мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэж байсан цаасан мөнгөн тэмдэгтүүд, Богд хаант Монгол улсын үе болон ардын засагт Монгол улсын гүйлгээний мөнгөн тэмдэгтүүдийг багтаахыг хичээсэн болно.
Мөн Монгол оронд ардын хувьсгал ялж үндэсний банкыг байгуулж 1925 оноос эхлэн худалдаа арилжаанд өнөөдрийг хүртэл гүйлгэж ирсэн зоос мөнгөн тэмдэгтүүд болон 1971 оноос хойш Монгол банкнаас эрхлэн зоос сонирхогч цуглуулагчдад зориулан гаргасан урд өмнө олон нийтэд мэдэгдэж танигдаагүй дурсгалын зоосуудыг сонирхогч олондоо танилцуулахыг зорилго болгосон болно.
Бичсэн: javka_2006